Хүүхэд /жил бүр/
Сарын хөгжүүлэлт
Цагийн зөвлөгөө
Хүүхдэд хүрсэн
Явуулын үйлчилгээ
Тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийг дэмжих явуулын үйлчилгээ нь гэрээр үзүүлэх, зөвлөх болон танхимын үйлчилгээ гэсэн хэд хэдэн хөтөлбөртэй.
Нэг талаас гэрээр үзүүлэх үйлчилгээгээр боловсрол, сэргээн засах болон халамжийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй, амьжиргааны түвшин доогуур өрхийн, тусгай хэрэгцээт хүүхдийн онцлог, хэрэгцээнд тохирсон хөгжүүлэх сургалт, сэргээн засах үйлчилгээг тухайн хүүхдийн гэрт нь очиж хүргэдэг.
Зөвлөх үйлчилгээгээр тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийг дэмжин ажилладаг байгууллага, үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүдэд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хуваалцан тухайн байгууллага дээр очин дэмждэг бол танхимын үйлчилгээгээр ганцаарчилсан сургалт болон сэргээн засах үйлчилгээг өдрөөр болон цагаар хүргэж байна.
Гэрээр үзүүлэх үйлчилгээ
“Энэрэлийн Түүчээ” ТББ нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулах мөн тусгай хэрэгцээт хүүхдийн сурч боловсрох, хөгжих боломжийг нэмэгдүүлэхийн тулд 2012 оноос жил бүр гэрээр нь очин үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр алслагдсан гэр хорооллын, амьжиргааны түвшин доогуур өрхийн боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа 15 хүүхдийг сонгон, хүүхэд бүрийн хэрэгцээ, онцлогт нийцүүлэн 9 сарын хугацаанд 7 хоног бүр хөгжүүлэх сургалтыг сэргээн засах үйл ажиллагаатай хослуулан гэрээр нь очиж үйлчилгээ үзүүлдэг.
Үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөөг хүргэж төрөл бүрийн сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан өөрийн хүүхдийн онцлог, хэрэгцээг танихад тусалж байна.
Зөвлөх үйлчилгээ /дагах үйлчилгээ/
Зөвлөх үйлчилгээ 2 үндсэн хөтөлбөртэй.
Дэмжих үйлчилгээ: Тусгай хэрэгцээт хүүхдийг анхлан хүлээн авсан боловсролын байгууллагууд болох цэцэрлэг, сургууль, хүүхэд хөгжлийн төвүүдэд хөдөлгөөн засалч, сэтгэл зүйч, тусгай хэрэгцээт боловсролын багшийг зөвлөгчөөр илгээж тухайн байгууллагын мэргэжилтнүүдийн арга зүйг дэмжин ажиллана.
Дагах үйлчилгээ: Явуулын үйлчилгээгээр дамжуулан цэцэрлэг, сургуульд хамрагдах хүүхдүүдийг тухайн цэцэрлэг, сургуульд нь дасан зохицох, хүүхдэд шаардлагатай, боломжит орчин нөхцөлийг бүрдүүлэх, багш нарыг арга зүйгээр хангах зорилгоор хөдөлгөөн засалч, сэтгэл зүйч, тусгай хэрэгцээт боловсролын багш нар хичээлийн нэг жил хүртэлх хугацаанд зөвлөн туслахаар ажилладаг.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш, мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний онцлог, хэрэгцээ цаашлан тэгш хамруулах боловсролын зарчмын талаар мэдлэг, чадвар хүрээгээ улам тэлж төр болон төрийн бус байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах боломжтой юм.
Танхимын үйлчилгээ
Тусгай хэрэгцээт бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээл, орчин, хэрэгцээ, сонирхлын хувьд харилцан адилгүй юм. Иймээс хүүхэд бүрийн онцлогт тохируулан хөгжлийг дэмжихэд ганцаарчилсан нэмэлт үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болдог.
Энэ хүрээнд манай үйлчилгээг зорьж ирсэн хүүхэд бүрийг бид анхан шатны үнэлгээнд оруулж хөгжлийн түвшинг тогтоон, сонирхлыг судалсны үндсэн дээр тухайн хүүхдэд зориулан хөгжүүлэх цогц төлөвлөгөө гарган ажилладаг.