Одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд

Хүслийн Ордон тусгай цэцэрлэг

Хугацаа: 2015- Санхүүжүүлэгч: “Фройндескрайс Монголай” нийгэмлэг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах болон сургуулийн өмнөх боловсролын хөгжүүлэх үйлчилгээ явуулах 4 бүлэг 40 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг үүсгэн байгуулж улсын төсвөөс нэг хүүхдэд ногдох хувьсах зардал болон нэмэлтээр Фройндескрайс Монголай нийгэмлэгийн санхүүжилтээр одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Сургалтын төв

Хугацаа: 2017- Санхүүжүүлэгч: Заксен мужийн “Гениалсоциал” залуусын тэтгэлгийн сан

Сургуулийн өмнөх боловсролын багш, туслах багш, ерөнхий боловсролын бага сургуулийн багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэн, арга зүйгээр дэмжих шат дараалсан сургалтыг зохион байгуулж тусгай хэрэгцээт хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдыг мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор 2017-2018 онд ХБНГУ-ын Заксен мужийн залуусын тэтгэлгийн сан, “Гениал-Социал”-ын дэмжлэгтэйгээр Сургалт-Судалгааны төвийг байгуулав. Орон нутаг болон нийслэлийн хэмжээнд жил бүр 100-150 багш, 50-100 эцэг эхэд зориулан тогтмол сургалт явуулж байна.

Гэрээр үзүүлэх үйлчилгээ

Хугацаа: 2017- Санхүүжүүлэгч: Дүфрэснэ Готьерын сан

Алслагдсан хороонд амьдардаг, амьжиргааны түвшин доогуур өрхийн, боловсролын үйлчилгээнд хамрагддаггүй, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг дээдлэн, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих үйлчилгээг үзүүлж оролцоог нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр юм. 2017 оноос хойш давхардсан тоогоор 2-14 насны 100-д хүүхэд хамрагдсан байна.

Хэрэгжүүлж дууссан төсөл, хөтөлбөрүүд

”Гэрээр айлчлах” хөдөлгөөн заслын үйлчилгээ

Хугацаа: 2012-2014 Санхүүжүүлэгч: “Фройндескрайс Монголай” нийгэмлэг

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөдөлгөөн заслын үйлчилгээг гэрээр хүргэж хөгжлийг дэмжин ажиллаж эхэлсэн. Тус үйл ажиллагаа нь “Явуулын үйлчилгээ” болон өргөжиж одоог хүртэл тасралтгүй явагдаж байна.

Өдөр өнжүүлэх төв

Хугацаа: 2012-2015 Санхүүжүүлэгч: “Фройндескрайс Монголай” нийгэмлэг

2012 онд тархины саатай 5 хүүхдэд бүтэн өдрийн хөгжүүлэх, асрах, хөдөлгөөн заслын үйлчилгээ үзүүлэх “Өдөр өнжүүлэх төв”- ийг нээж 3 жилийн турш ажилласан.

Хөдөлгөөн заслын кабинет

Хугацаа: 2014-2016 Санхүүжүүлэгч: “Фройндескрайс Монголай” нийгэмлэг

2014 онд тархины саатай, хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд цагаар хөдөлгөөн заслын үйлчилгээ үзүүлэх кабинетыг тоноглож 2 жилийн турш ажиллав.

Орон нутгийг чадавхжуулах хөтөлбөр

Хугацаа: 2017-2020 Санхүүжүүлэгч: Дэлхийн Зөн – Монгол ОУБ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол, хөгжил, сэргээн засахын үйлчилгээнд хамруулах, тэдний эцэг эхэд сэтгэл зүй болон хүүхэдтэйгээ ажиллах арга зүйн зөвлөгөө, сургалтыг чанарын өндөр түвшинд онол практик хослуулан үр өгөөжтэй арга барилаар хүргэх зорилгоор Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Орхон аймгуудад ажиллав.

Сэргээн засах танхим

Хугацаа: 2018 Санхүүжүүлэгч: Монгол дахь ХБНГУ-ын элчин сайдын яам

Тусгай хэрэгцээт бага насны хүүхдэд тохирсон хөдөлгөөн засал болон бусад сэргээн засах үйлчилгээг тохирох орчинд чанарын өндөр түвшинд хүргэх зорилгоор Хүслийн Ордон тусгай цэцэрлэгийн дэргэд сэргээн засах танхим байгуулж иж бүрэн тохижуулав. Нэмэлтээр Хүслийн Ордон тусгай цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэсэн.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх төсөл

Хугацаа: 2018-2019 Санхүүжүүлэгч: “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрхийг дээдлэн, хүүхэд бүрийг хөгжих боломжоор хангахын тулд хөгжүүлэх сургалт зохион байгуулах, улмаар дараагийн шатны боловсролын байгууллагад шилжих боломжийг бүрдүүлэх зорилгоор 30 хүүхдэд зургаан сарын турш хөгжүүлэх үйлчилгээ явуулж, цаашлаад цэцэрлэг сургуульд бэлтгэн зуучилж 2 хүүхэд цэцэрлэгт, 8 хүүхэд сургуульд хамрагдсан байна.

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын төсөл

Хугацаа: 2018-2019 Санхүүжүүлэгч: НҮБ-ын хүүхдийн сан

Тусгай хэрэгцээт хүүхэд бүрийг хөгжих боломжоор хангахын тулд гэрээр 15, танхимаар 40 хүүхдэд 3 сарын хугацаанд хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан.

Балчир насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх програм нутагшуулах төсөл

Хугацаа: 2019 Санхүүжүүлэгч: Мицүбиши корпорац

0-4 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн түвшинг тогтоох, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх үйл явцыг дэмжин сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтны ажиглалт, үнэлгээний ажлыг хялбаршуулж тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэх нь төслийн зорилго болно. Цаасан болон цахим хувилбар бүхий програмыг монгол хэл рүү орчуулж одоогийн байдлаар 100 орчим сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшид танилцуулж 200 гаруй балчир хүүхдийг үнэлж 100 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлэхэд ашиглаад үр дүнг тооцоолохоор ажиллаж байна.