Дотоод гадаад мэргэжилтэн
Сургалтын хөтөлбөр
Багш хамрагдсан
Эцэг эхэд хүрсэн
Сургалт-Судалгааны төвийн танилцуулга
2017-2018 онд ХБНГУ-ын Заксен мужийн “Genialsozial” хэмээх залуусын тэтгэлгийн сангийн /Sächsische Jugenstiftung/ дэмжлэгээр “Гадаадын хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын нэгдсэн нийгэмлэг”-тэй /Integrationsgemeinschaft ausländischer Erwerbsträger e.V./ хамтран тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролыг дэмжин ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш, туслах багш, тусгай хэрэгцээт хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид, үйлчилгээ үзүүлэгчид, холбогдох байгууллагын мэргэжилтэнг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах зорилгоор Энэрэлийн Түүчээ ТББ нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн Сургалт-Судалгааны Төвийг нээв. Тэгш хамруулах боловсролын үзэл санаа, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж эхэлснээр судалгаа хийж доорх сургалтуудыг зохион байгуулах ажил тасралтгүй өрнөсөөр байна.
Манай сургалтууд
Мэдлэг, мэдээллийг түгээж, чадварыг хөгжүүлэн хандлагыг өөрчлөх дараах сургалтанд хувь хүн төдийгүй байгууллага хүсэл, хэрэгцээндээ тулгуурлан сонгон хамрагдах боломжтой юм.
Модуль 1: Ерөнхий ойлголт, суурь мэдлэг
Тусгай хэрэгцээт хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлийн төрөл, онцлог, энэ нь хүүхдийн хөгжил, боловсролд ямар нөлөө үзүүлж буйг таниулж, улмаар тэгш хамруулах боловсролын үндсэн ойлголт, үнэт зүйл, үүнийг үйл ажиллагаандаа хэрхэн тусгах, эрх зүйн орчин, материаллаг болон сэтгэл зүйн орчны талаар ерөнхий ойлголттой болж дараа дараагийн сургалтын суурь мэдлэг, чадварыг олгоход чиглэнэ.
Үргэлжлэх хугацаа: 24 а.ц
Модуль 2: Сэргээн засах анагаах ухаан, хамтын ажиллагаа
Тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийг дэмжих нэмэлт үйлчилгээ, сэргээн засах анагаах ухааны үүрэг, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл заслын ач холбогдол, боловсролын үйлчилгээтэй хэрхэн уялдуулах, салбар салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа нь хүүхэд, гэр бүлийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх боломжтойг ухамсарлаж дэмжлэгийн арга зүйтэй дэлгэрэнгүй танилцана.
Үргэлжлэх хугацаа: 24 а.ц
Модуль 3: Үнэлгээ, хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах
0-6 хүртэлх насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг судалж хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлж сурах, үнэлгээ хийхэд анхаарах зүйлс, хөгжлийн түвшинг харгалзан хүүхэд бүрт тохирох зорилго, үйл ажиллагааг хэрхэн төлөвлөх, цаашлан хувь хүүхдэд зориулсан хөгжүүлэх буюу ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах арга зүйд суралцана.
Үргэлжлэх хугацаа: 24 а.ц
Модуль 4: Тэгш хамруулан сургах арга зүй
Тусгай хэрэгцээт хүүхдийн боловсрол, хөгжлийг дэмжих, сургалтыг хүртээмжтэй заах арга зүй, сургалтын хөтөлбөрийн уялдаа, багшийн хандлага, сэтгэлзүйн боловсролын талаар мэдлэг, мэдээлэлтэй болсноор тэгш хамруулан сургахад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, талуудын эрх, үүргийн зохицуулалт, хамтын ажиллагааны зарчмыг тусган авч ажлын байран дээр туршин, хэрэгжүүлэх боломжтой болно.
Үргэлжлэх хугацаа: 24 а.ц
Хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх програмын сургалт
0-4 хүртэлх насны хүүхдийн бие бялдар, хөдөлгөөн, танин мэдэхүй, хэл яриа, сэтгэл хөдлөл-нийгэмшихүйн хөгжлийн онцлог, хөгжлийн хоцрогдолтой болох эрсдэлт хүчин зүйлсийг олж харахад юуг анхаарах шаардлагатайг, хөгжлийн бэрхшээл, хоцрогдлын талаар ерөнхий мэдээлэлтэй болж, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх програмд суралцаж түүнийг үйл ажиллагаандаа ашиглах төрөл бүрийн боломжуудтай танилцана.
Үргэлжлэх хугацаа: 8-24 а.ц
СӨББ-ын туслах багшийн сургалт
Тэгш хамруулсан орчинд тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд сургуулийн өмнөх боловсролын туслах багшийн үүрэг маш их юм. Иймээс сургуулийн өмнөх боловсролын туслах багш нар хөгжлийн бэрхшээлийн талаар, хүүхдийн онцлог, хэрэгцээг харгалзан бие даах чадварыг хөгжүүлэхэд, шаардлагатай асаргаа, дэмжлэгийг хүргэхэд анхаарах зүйлсийг мэдэж авах нь хүүхэд, гэр бүл, багшийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ.
Үргэлжлэх хугацаа: 24 а.ц
Бага насны хүүхдийн хөгжил
Бага нас бол хүний хөгжлийн чухал үе юм. Амьдралын анхны жилүүдэд хүүхдийн тархины хөгжил, танин мэдэхүйн процессууд, сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн хөгжлийн онцлог, зоригийн үйл, хэрхэн дутуугийн мэдрэмж үүсдэг талаар мөн хүүхдийн үндсэн хэрэгцээг ойлгож, түгшүүр үүсэх шалтгаан, хүчин зүйлс, цаашлан түгшүүр нь бага насны хүүхдийн хөгжилд ямар нөлөө үзүүлж буйг цуврал сургалтаар олж мэдэх боломжтой юм.
Үргэлжлэх хугацаа: 8-24 а.ц
Эерэг хөгжил
Эцэг эх, багш, мэргэжилтнүүдийн сэтгэл зүйн боловсрол, хувь хүний хөгжил, хандлага, цагийн менежмент, сахилга бат зэрэг нь бага насны хүүхдийн хөгжилд шууд нөлөө үзүүлдэг. Ялангуяа стрессийг хэрхэн зохицуулах, хувийн сахилга батыг сайжруулах, өөрт тохирох аргаар өөрийн хөгжлийг тасралтгүй дэмжих зэргээр эерэг хөгжлийн үндэс болох эерэг хандлагын суурийг цуврал сургалтаар олж авах боломжтой юм.
Үргэлжлэх хугацаа: 8-24 а.ц
SPSS анализ ба судалгааны арга зүй
Сүүлийн жилүүдэд түгээмэл хэрэглэгдэж буй статистикийн шинжилгээ, үр дүнгийн боловсруулалт хийдэг SPSS программын сургалтыг судалгааны арга зүйн үндсэн ойлголтын хамт эрдэм шинжилгээний ажил бичиж буй их, дээд сургуулийн оюутнууд, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд, судлаачид гээд SPSS программын тусламжтай статистик шинжилгээ хийж сурахыг хүссэн хүн бүхэнд зориулан хүргэж байна.
Үргэлжлэх хугацаа: 18 а.ц
Сургалтанд хэн хамрагдах вэ?
- Сургуулийн өмнөх боловсролын удирдлага, багш, туслах багш
- Бага сургуулийн удирдлага, багш
- Тусгай сургууль, цэцэрлэгийн багш, мэргэжилтнүүд
- Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих байгууллага, агентлаг, ТББ-ууд
- Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, боловсролын салбарын мэргэжилтнүүд
- Бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч